Орос Украины зэвсэгт мөргөлдөөн, БНХАУ-ын “Тэг ковид” бодлого, Европын эрчим хүчний түүхий эдийн хямрал, инфляцийн огцом өсөлт зэрэг таамаглаагүй олон шалтгааны улмаас дэлхийн эдийн засаг хямрах эрсдэл үүссэн. Дэлхийн банк, ОУВС өнгөрсөн оны аравдугаар сард дэлхийн эдийн засгийг 2023 онд өөдрөг байхаар төсөөлсөн ч удалгүй хүлээлтээс доогуур үнэлсэн. Тухайлбал, өнгөрсөн оны аравдугаар сард ОУВС 2023 онд дэлхийн эдийн засаг 0.9 хувиар агших хамгийн муу хувилбарыг танилцуулсан. Үүнд инфляцийн өсөлт, Орос Украины зэвсэгт мөргөлдөөн зэрэг хүчин зүйлс нөлөөлж буй билээ.
Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа 2023 онд дэлхийн эдийн засагт ямар төлөв байдал ноёрхох тухай мэдээллийг онцоллоо.
Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева өнгөрсөн Ням гаригийн өглөө "CBS" телевизийн "Үндэстний нүүр царай" мэдээллийн хөтөлбөрт оролцох үеэрээ “Дэлхийн өсөлтийн гол хөдөлгүүр болох АНУ, Европ, Хятад улсуудын идэвхжил суларч, эдийн засаг нь нэгэн зэрэг удааширч байгаа тул 2023 он дэлхийн эдийн засгийн хувьд нэлээн адармаатай жил болно” гэж хэлжээ.
ОУВС өнгөрсөн оны аравдугаар сард 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулсан. Үүнд Украин дахь дайны нөлөөлөл, инфляцийн дарамт, АНУ-ын Холбооны нөөцийн сан зэрэг төв банкуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нөлөөлсөн.
Хэдийгээр БНХАУ “Тэг ковид” бодлогоо цуцалж, эдийн засгаа сэргээх ажлыг эхлүүлсэн ч Covid-19-ийн тохиолдол эрчимтэй нэмэгдэж буйн улмаас хэрэглэгчид ихээхэн болгоомжилсон хэвээр байна. “Тэг ковид” бодлогоо цуцалсны дараа Хятадын дарга Ши Жиньпин өнгөрсөн Бямба гаригт шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ Хятад улс "шинэ үе шатанд" шилжиж буй энэ үед улам их хүчин чармайлт гаргаж, эв нэгдэлтэй байхыг уриалжээ.
ОУВС-гийн тэргүүн Георгиева “Сүүлийн 40 жилд анх удаа Хятадын өсөлт 2022 оны дэлхийн өсөлтийн хэмжээнд буюу түүнээс доогуур байх төлөвтэй байна” гэж хэлсэн байна. Хятадад өнгөрсөн оны сүүлийн сард очсон тэрбээр “Түүгээр ч барахгүй, ирэх саруудад гарч болзошгүй COVID-ийн халдварын "их түймэр" энэ онд тус улсын эдийн засагт цохилт өгч, бүс нутгийн болон дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулах магадлалтай” гэж хэлжээ. Мөн Георгивеа "Ойрын хоёр сарын хугацаанд Хятадад хүнд байх болно. Хятадын өсөлтөд үзүүлэх нөлөө нь сөрөг, бүс нутагт үзүүлэх нөлөө нь сөрөг, дэлхийн өсөлтөд үзүүлэх нөлөөлөл нь сөрөг байна" гэсэн байна.
ОУВС Хятадын жилийн өсөлт 2023 онд 4.4 хувьд хүрч, идэвхжил нь улам удааширна гэж тооцжээ.
Гэсэн хэдий ч түүний тайлбараас үзвэл, ОУВС энэ сарын сүүлээр Швейцарийн Давос хотноо болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр шинэчилсэн таамаглалыг танилцуулах бөгөөд Хятад болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг дахин бууруулж магадгүй аж.
Үүний зэрэгцээ Георгиева хэлэхдээ "АНУ-ын эдийн засаг савлагаатай байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн гуравны нэгд нь нөлөөлж болзошгүй. Холбооны нөөцийн сан инфляцийг бууруулахын тулд бодлогын хүүгээ удаан хугацаанд тогтвортой барих шаардлагатай болж магадгүй" гэжээ.
АНУ-ын Холбооны Нөөцийн сан 2022 оны хамгийн сүүлийн шийдвэрээрээ бодлогын хүүгээ 0.5 нэгж хувиар өсгөсөн. Ингэснээр хүүгийн түвшин нь 4.5 хувьд буюу 2007 оноос хойших дээд түвшинд хүрсэн билээ.
Өдгөө дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал 1930 оны их хямралын өмнөхтэй адил байна гэж шинжээчид дүгнэж байна. 1929 оны аравдугаар сарын 29-ний өдөр эхэлсэн их хямралыг дэлхийн хамгийн удаан үргэлжилсэн хямрал гэж үздэг бөгөөд түүхэнд “Их хямрал” гэж тэмдэглэжээ.
Дэлхийн тэргүүлэх гурван эдийн засаг болох АНУ, Европын холбоо, Хятадын эдийн засаг 2023 онд удаашрах эрсдэлтэй байгааг шинжээчид онцолж байна. Энэхүү удаашрал нь өрхийн амьжиргааны түвшинд шууд нөлөөлснөөр өрхийн хэрэглээний зардал буурах нь. Өрхийн хэрэглээ хумигдах нь иргэдийн бухимдлыг төрүүлэх бөгөөд эрх барьж буй засгийн газарт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.
Орос Украины зэвсэгт мөргөлдөөний улмаас үр тарианы нийлүүлэлт буурч, бага орлоготой улс орнуудын өрхүүдэд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахад ноцтой хүндрэл учрах бөгөөд дэлхийн хүнсний бүтээгдэхүүний зах зээл дээр үнэ өсөх эрсдэлтэй байна.
Ам.доллар бусад валютын эсрэг дунджаар 5-30 орчим хувиар чангарсан нь “ноён ногоон”-оор бонд гаргасан орнуудын эргэн төлөлтөд хүндрэл учруулж, бондын өрөө хойшлуулах эрсдэл дагуулж буй аж. Хөгжиж буй орнуудад ам.доллар чангарч байгаа нь сөргөөр нөлөөлж, инфляцийн дарамтад орж, бага орлоготой, өрийн дарамтад байгаа орнуудын эдийн засаг агших эрсдэл дагуулахаар байна.
Монгол Улсын хувьд 2023 онд уул уурхайн экспортыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэхээр тооцоолж буй.
Эдийн засаг, хөгжлийн сайдын хэлснээр, энэ жил нийт 500 км орчим төмөр замыг БНХАУ-ын чиглэлд тавихын зэрэгцээ эдийн засгийг төгөлдөржүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх аж. Инфляцийн түвшинг 2023 онд нэг оронтой тоо буюу 8 орчим хувьд барина. Хятадын хэрэгжүүлж буй “Тэг ковид” бодлоготой холбоотойгоор ачаа эргэлт удааширч магадгүй. Хөрш зэргэлдээ орнуудад үнийн өсөлт үргэлжилж, энэ нь манай импортоор орж ирэх бараа, бүтээгдэхүүнд нөлөөлнө. 2023 онд эдийн засгийн өсөлт таван хувь байна. Түүхий эдийн үнэ 2022 оноос өндөр тогтоно гэж тооцож байна.
Монгол Улсын эдийн засагт гарч ирэх эрсдэлүүд нь Украины дайн, дэлхийн эдийн засгийн сааралт, санхүүгийн салбарын эмзэг байдал, эрчим хүчний хангамж, тээвэр ложистикийн хүндрэл, байгаль цаг агаарын эрсдэл зэрэг юм. Украинд болж буй дайнтай холбогдуулан ОХУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээтэй холбоотойгоор манай улсын эдийн засагт ч эрсдэл учрах магадлалтай.
Эх сурвалж: САНГИЙН ЯАМ, ЭЗХЯ, МОНГОЛБАНК, REUTERS, ALJAZEERA, IMF
www.news.mn