ГАР ДОР | Огноо: 2022-02-22-2022-02-27 |
Тус контемпорэри урлагийн бие даасан үзэсгэлэн нь уран бүтээлч Ц.Анударийн залуу хүний сэтгэлзүйн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн, нийгэмд нөлөөлөх зорилготой анхны төсөл юм.
Товч танилцуулга
Тухайн үзэсгэлэн нь тус уран бүтээлчийн анхны бие даасан үзэсгэлэн бөгөөд олон нийтийн оролцоот, ашгийн бус, туршилтат, нийгэмд эерэгээр нөлөөлөх зорилготой бүтээлч төсөл юм. Үзэсгэлэнгийн үндсэн төрөл нь орон зай дахь инстолляц бөгөөд холимог техник, видео бүтээлүүдийг мөн агуулна. Үзэсгэлэнгийн концепц нь залуу хүний сэтгэлзүйн эрүүл мэндийн сэдвийг хөндөж байгаа ба дан ялангуяа гудамж талбай, олон нийтийн газарт залуу хүнд бусдаас ирдэг хүсээгүй анхаарал, зөвшөөрөлгүй биед хүрэх, үг хэлээр гадуурхах зэрэг таагүй үйлдлүүдийг тэсэх, ойр дотныхондоо хэлэхгүй байх, мэргэжлийн хүнд хандахгүй, байгаа хандлагыг өөрчилж, энэ гинжин хэлхээг таслахад хувь нэмрээ оруулан олон нийтэд нөлөөлөх зорилготой.
Залуу уран бүтээлч Ц.Анударь нь “China Academy of Art”-ийг Загвар зохион бүтээгчээр төгссөн, суралцах хугацаандаа ZheJiang Government Scholarship-д 5 жил (2014-2018) дараалан шалгарч байсан бөгөөд 2018 онд “China Graduation Fashion Week”-д уригдан оролцож байсан. Тэрээр 2020 оны 9-р сараас Ванжил Арт Институтын ганцаарчилсан жилийн хөтөлбөрт хамрагдаж, “Контемпорэри урлагийн онол, бүтээлч судалгаа, дадлага” чиглэлээр суралцаж, мэргэжлийн шилжилт хийж эхэлсэн ба цаашид уран бүтээлчээр ажиллахаар шийдэж, зорилгодоо хүрэхээр шаргуу хөдөлмөрлөж байгаа Монголын шинэ үеийн төлөөлөл билээ.
2021 оны эхээр анх удаа зарлагдсан Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит Соёл Урлагийн Сангийн “Seed Awards 2021” нь карьерийн эхний 5 жилдээ явж буй, дүрслэх урлаг, гэрэл зураг, сэтгүүл зүй, хөгжим, бүжиг, медиа, театр, бүтээлч судалгаа зэрэг нийт 15 салбарт ажиллаж байгаа, дэлхийн 100 шилдэг залуу уран бүтээлчдийг шалгаруулж, анхны бүтээлийн төслийг нь дэмжих зорилготой олон улсын чанартай шагнал юм.
2021 оны 10-р сард Ц.Анударийн боловсруулж илгээсэн тус үзэсгэлэнгийн төслийн концепц шалгарч, энэ нэр хүндтэй шагналын эздийн нэгээр тодорсон билээ. Тус сангийн шагнал нь түүний үзэсгэлэнгийн төсөл биелэлээ олох эхлэлийг тавьсан бөгөөд одоогийн байдлаар Монгол улсын хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагууд болох Нидерландын хунтайж Клаусын Соёл Урлагийн Сан, Ванжил Арт Институт, Мишээл Экспо ОУҮХТ, Нойс Арт Медиа ХХК, Тосон Торго ХХК, Эмэйз Дизайн ХХК, Лупа ХХК, Аригүн Фильм ХХК, СНЕ Графикс ХХК зэрэг компаниуд дэмжиж, нийгмийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж, төрөл бүрийн хэлбэрээр гүн туслалцаа үзүүлж байгааг дурдахад таатай байна.
Тус урлагийн төсөл нь Монголд анх удаа 2100 м2 талбайд нэг уран бүтээлчийн үзэсгэлэн гарч буй тохиолдол болж байгаагаараа онцлог юм. Мөн бид олон улсын жишгийг баримталж, төслийн ерөнхий менежментийг Ванжил Арт Институт хариуцаж, Монгол улсын цөөхөн үзэсгэлэнгийн стандартын орон зайн нэг болох Мишээл Экспо ОУҮХТ-ийн төв танхимд гаргаж, үзэсгэлэнгийн дизайн болон гүйцэтгэлийг Эмэйз Дизайн ХХК-ийн мэргэшсэн дизайнеруудтай хамтран бүтээж, төслийн гэрэл зураг болон видео хосолсон баримтжуулах ажлыг Нойс Арт Медиа ХХК болон Аригүн Фильм ХХК нар хамтран хийж, хэвлэлийн дизайны ажлуудыг СНЕ Графикс ХХК бүтээж, үзэсгэлэнд тусгайлан зориулсан хөгжмийн зохиомжийг Де Тюнь Саунд студи шинээр бичиж, маркетинг болон олон нийттэй харилцах ажлыг Лупа ХХК-ийн арвин туршлагатай баг гүйцэтгэж байгаа нь бидний салбартаа төдийгүй улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байгаа үйл хэрэг гэж харж байна.